Төлөөлөн Удирдах Зөвлөл
Төлөөлөн удирдах зөвлөлийн тухай:
Ариг Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, үүнд Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Монголбанкнаас баталсан журам, заавар, Ариг Банкны дүрэм, Компанийн Засаглалын Кодекс болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон журам тогтоомж, дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлж ажиллахыг чиглэлээ болгодог.
Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь Банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдсэн нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Банкны ТУЗ-ийн дарга болон гишүүд Банкны гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй болно.
ТУЗ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх, үүрэг зэрэг нь ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар зохицуулагдах бөгөөд хуульд заасны дагуу ТУЗ-ийн хурлыг ТУЗ-ийн Дарга зарлаж хуралдуулна. ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудал, хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэлийг хөтлөн, гарын үсгээр баталгаажуулж хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигч нар болон Монголбанканд хүргүүлэн ажилладаг.
Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл зэрэгт холбогдох хороод нь эрх, үүргийн дагуу хяналт тавин ажилладаг болно.
ТУЗ нь банкны үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллахаар зохион байгуулагдсан бөгөөд ТУЗ-ийн гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх эрхийг банкны Хувьцаа эзэмшигч нар эдэлнэ /Хараат бус гишүүнийг Монголбанкны зөвшөөрснөөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ/.
ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалт:
ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Цалин, урамшууллын хороо, Засаглал, нэр дэвшүүлэх хороо, Мэдээллийн технологийн хороо зэрэг нийт 5 хороотой бөгөөд хороод нь ТУЗ-өөс баталсан тус бүрийн нарийвчилсан дүрмээр зохицуулагддаг.
Аудитын хороо
Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багт шаардлагатай асуудлуудаар зөвлөмж хүргүүлдэг. Үүнд:
- Банкны санхүүгийн үнэн зөв, бүрэн бүтэн тайлагнал, санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд болон эрх зүйн бусад актуудтай нийцэж байгаа эсэхийг хянах,
- Дотоод аудитын хараат бус байдлыг хангах, төсвийг батлах, удирдах аудитын хүрээ, давтамжийг тогтоох, тайланг хэлэлцэх, гүйцэтгэлийг хянах,
- Дотоод аудиторыг сонгон шалгаруулах, томилох, ажлаас чөлөөлөх, цалин, урамшууллыг тогтоох,
- Банканд хийгдэх хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох, өөрчлөх, үйл ажиллагааг хянах, гүйцэтгэлийг үнэлж холбогдох саналыг ТУЗ-д хүргүүлэх
- Банкны Зөрчлийг мэдээлэх (шүгэл үлээх) үр дүнтэй тогтолцооны хэрэгжилтийг хянах, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах
- Аудитын дүгнэлтэд дурдсан банкны дотоод хяналтын тогтолцооны сул талууд, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг Гүйцэтгэх удирдлага нь хууль тогтоомжийн дагуу тохиромжтой цаг хугацаанд хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллах үүрэгтэй.
Хорооны дарга:
Хараат бус гишүүн Д.Түвшинтамир
Гишүүд:
Хараат бус гишүүн Н.Цэрэндаваа
Ердийн гишүүн С.Хосбаяр
Эрсдэлийн удирдлагын хороо
Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багт шаардлагатай асуудлуудаар зөвлөмж хүргүүлдэг. Үүнд:
- Эрсдэлийн аппетитын бодлого, эрсдэлийн лимит, эрсдэлийг удирдах стратеги, зээлийн бодлого, комплаенсын бодлого, засаглалын кодексын бодлогын баримт бичгийг хэлэлцэж, батлах саналыг ТУЗ-д гаргах, Гүйцэтгэх удирдлагад хэрэгжүүлэх чиг үүрэг өгч, хянах
- Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, топ эрсдэлүүд болох зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, нэр хүндийн, мэдээлэл технологийн болон бусад төрлийн эрсдэлийн удирдлагын талаар авч буй арга хэмжээ нь хангалттай байгаа эсэхэд хяналт тавих, чиглэл өгөх
- Гүйцэтгэх удирдлагын Эрсдэлийн удирдлагын газрын тайланг хэлэлцэх, хянах
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Банкны баримтлах бодлогыг батлах, түүний хэрэгжилтийг хянах ба энэ талаарх үйл ажиллагааны улирлын тайланг хянах
- Санхүүгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр батлуулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах үүрэгтэй бөгөөд ТУЗ-д зохистой өөрчлөлт оруулах талаар санал гарган ажиллана.
Хорооны дарга:
Ердийн гишүүн Б.Ариунжаргал
Гишүүд:
Хараат бус гишүүн Д.Түвшинтамир
Ердийн гишүүн Д.Чимэд-Юндэн
Цалин урамшууллын хороо
Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд ТУЗ-д шаардлагатай асуудлуудаар дүгнэлт, зөвлөмж хүргүүлдэг. Үүнд:
- ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, гишүүдийн хяналт, удирдлагын үүргээ үр дүнтэй, банканд үр ашигтай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх,
- Банкны хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангахтай холбоотой журам дүрэмтэй танилцаж, хянан хэлэлцэх
- Банкны цалин урамшууллын бодлого, чадварлаг ажилтан, менежерийг ажилд авах, улмаар тогтвор суурьшилтай ажиллуулах, гүйцэтгэлд суурилсан системээр урамшуулан хөгжүүлэх замаар банкны бизнесийн зорилго, зорилтод хүрэх, тогтвортой бизнесийн хөгжил авчрахад дэмжлэг үзүүлэх
- Засаглалын кодекс болон түүнд багтсан бүх бодлогын хэрэгжилтийг хянаж, цалин хөлс, урамшууллын системийг боловсруулах, батлахад ТУЗ-д санал, зөвлөмж өгөх,
- Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллыг тогтоох
- Гүйцэтгэх захирал ба гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх тус тус үүрэгтэй ажилладаг.
Хорооны дарга:
Ердийн гишүүн Б.Ариунжаргал
Гишүүд
Хараат бус гишүүн Н.Цэрэндаваа
Хараат бус гишүүн П.Мөнх-Эрдэнэ
Засаглал, нэр дэвшүүлэх хороо
Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд Хувьцаа эзэмшигч, ТУЗ-д шаардлагатай асуудлуудаар дүгнэлт, зөвлөмж хүргүүлдэг. Үүнд:
- ТУЗ гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох;
- Засаглалын кодекс болон түүнд багтсан бүх бодлогын хэрэгжилтийг хянаж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
- ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах, томилох, буцаан татах
- Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай ТУЗ-д санал, зөвлөмж өгөх,
- Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөлийг боловсруулах зэргээр ажилладаг.
Хорооны дарга:
Ердийн гишүүн Я.Наваан
Гишүүд
Хараат бус гишүүн П.Мөнх-Эрдэнэ
Хараат бус гишүүн Д.Түвшинтамир
Мэдээллийн технологийн хороо
Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багт шаардлагатай асуудлуудаар зөвлөмж хүргүүлдэг. Үүнд:
- Банкны мэдээллийн технологийн бодлого , стратеги , стандарт зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэж батлах, Гүйцэтгэх удирдлагад хэрэгжүүлэлтийн чиг үүрэг өгөх, хяналт тавих
- Мэдээллийн технологийн чиглэлээр хийгдэж буй ажлын тайлан хэлэлцэх
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, стратеги, стандарт зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэж батлах, олон улсын стандарт хангаж буй эсэхэд хяналт тавих, Гүйцэтгэх удирдлагад чиг үүрэг өгөх, хяналт тавих
- Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж буй ажлын тайлан хэлэлцэх
- Банкны дижитал шилжилт, технологийн давуу тал ашиглаж буй эсэхэд хяналт тавих, ажлын тайлан хэлэлцэх, үүрэг чиглэл өгөх
Хорооны дарга
Хараат бус гишүүн Н.Цэрэндаваа
Гишүүд
Ердийн гишүүн Я.Наваан
Ердийн гишүүн С.Сайнбат
Төлөөлөн Удирдах Зөвлөл
П.Мөнх-Эрдэнэ
Ноён П.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн “Ариг Банк” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна. П.Мөнх-Эрдэнэ нь 1986-1990 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн. Тэрээр 1990 онд Улаанбаатар хотын банканд эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Ардын банк, Сэргээн босголтын банк, Монгол шуудан банк, Хадгаламж банк зэрэг банк санхүүгийн байгууллагуудад удирдах албан тушаалыг хашиж байсан, арвин их туршлагатай.
С.Сайнбат
Ноён С.Сайнбат нь 1992-1997 онд ШУТИС-ийн Компьютер технологи менежментийн сургуулийг Программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр дүүргэсэн. Тэрээр ажлын гараагаа 1997 онд “Номин Трейдинг” ХХК-ийн Импорт менежерээр эхэлсэн бөгөөд улмаар Номин Электроникс салбарын гүйцэтгэх захирал, “Номин Холдинг” ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын дарга, Байгууллагын хамтын ажиллагаа, Бизнес хөгжлийн газрын дарга, “Номин Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, Технологийн бизнес хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 2021 оноос эхлэн Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.
Ш.Баярсайхан
Ноён Ш.Баярсайхан нь 1990 онд СЭЗДС-ийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 1991 онд “Номин Тав” ХЭАА-аас ажлын гараагаа эхэлж улмаар “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулсан бөгөөд 1996-2021 онд “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч, 2021 оны 01 сараас ‘Номин Холдинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. 2021 оноос эхлэн Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.
С.Хосбаяр
Хатагтай С.Хосбаяр нь 1992-1996 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг Шинжээч нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн. 1995 онд “Бүргэд” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байсан тэрээр 1996 оноос "Разномипэкс Нэгтгэл" ХК-д тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, орлогч нягтлан бодогчоор, 1999 оноос "Номин трейд ХХК-д ахлах нягтлан бодогч, 2003 оноос "Номин Холдинг" ХХК-д Санхүү нягтлан бодох бүртгэлийн газрын дарга, 2013 оноос Бизнес хөгжлийн газрын захирал, "Улсын Их дэлгүүр" ХК-ын гүйцэтгэх захирал, Номин Кидс ХХК-ын гүйцэтгэх захирал, 2015 оноос "Номин Холдинг" ХХК-д Санхүүгийн бизнес эрхэлсэн захирал, 2017 оноос "Номин тав трейд" ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 2021 оноос “Номин Холдинг” ХХК-ийн Санхүү удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байна. С.Хосбаяр нь Худалдаа үйлчилгээ, Банк санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага, дүн шинжилгээ, нягтлан бодох бүртгэл чиглэлээр мэргэшсэн туршлагатай, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч гишүүн юм. 2021 оноос эхлэн Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Д.Түвшинтамир
Хатагтай Д.Түвшинтамир нь 1984-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд Түүхч мэргэжлээр, 1999-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистр зэрэг хамгаалсан. Д.Түвшинтамир нь 2003 оноос эхлэн ББСБ, ХЗХ-ны зээлийн мэргэжилтэн, захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан банк, санхүүгийн салбарын туршлагатай. Тэрээр “Анта трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2012 оноос хойш “Анта энд партнерс” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. 2021 оноос эхлэн Ариг банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Б.Ариунжаргал
Хатагтай Б.Ариунжаргал нь Санхүү эдийн засгийн сургуулийг 1999 онд Банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2013 онд Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Анод банканд зээлийн эдийн засагч, Актив, пассивын удирдлагын эдийн засагч, СТБГ-ын захирал ба Ерөнхий ня-бо, Санхүү удирдлагын газрын захирал, 2003 оноос эхлэн Номин Карт ББСБ, Номин Юнион ХЗХ, Номин даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал, Номин Холдинг ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал, Ариг банкны Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч зэрэг удирдах албан тушаал хашиж байсан банк, санхүүгийн арвин туршлагатай юм. Тэрээр 2023 оноос Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Я.Наваан
Ноён Я.Наваан нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр дүүргэсэн. Улмаар Англи улсын University of wales сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 2005 оноос ажлын гараагаа "Номин трейдинг" ХХК-с эхлүүлсэн бөгөөд 2021 оноос "Номин холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр 2023 оноос Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдсон.
Н.Цэрэндаваа
Ноён Н.Цэрэндаваа нь 1996-2001 онд ШУТИС-ийн Компьютер технологи менежментийн сургуулийг Программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр дүүргэсэн. 2011-2019 онуудад Голомт банканд МТ захирал, ГЗ-ын орлогч, ГЗ-ын зөвлөх, Монголын банкны холбооны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалыг хашиж байсан, банк, санхүү, мэдээллийн технологийн арвин их туршлагатай. Тэрээр 2023 оноос Ариг банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсон.
Д.Чимэд-Юндэн
Ноён Д.Чимэд-Юндэн нь 1985 онд хуучнаар ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны сургууль, 1990 онд Япон улсын Сэй-Кэй-ийн Их сургуулийн мастер мөн 2012 онд Улаанбаатар хот дах Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг Санхүү, эдийн засагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Ажлын гараагаа 1985 онд ТЕГ-ын мэргэжилтэн, тасгийн даргаар эхлүүлж Сайд нарын зөвлөл, УИХ-ын Тамгын газар, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Япон улс дах Монгол улсын элчин сайдын яам, ТЕГ, Монголбанканд референт, ахлах зөвлөх, дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга, Тамгын газрын захирлаар тус тус ажиллаж байсан, ажлын арвин их туршлагатай, Хошууч генерал цолтой. 2015 онд Үндэсний батлан хамгаалах их сургуульд “Гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө, түүний эрсдэлийн шинжилгээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, 2017 онд Үндэсний тагнуулын академийн профессор цол хүртэж 2022 онд гавьяат хуульч цолоор шагнагдсан. Тэрээр 2023 оноос эхлэн Ариг банкны ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Я.Нацагдорж
Я.Нацагдорж нь 2005 онд ХБНГУ-ын Ханновер хотын их сургуулийг Диплом эдийн засагч, 2016 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгсөж, 2007 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2020 оноос эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуульд докторантаар суралцаж байна.
Я.Нацагдорж нь Голомт банк, ХХБ банк, Ариг банк, ББСБ, ХБНГУ-ын Шпаркассе банкны төсөл, Зээлийн мэдээллийн сан зэргээр банк, санхүүгийн салбарт нийт 17 жил ажилласан туршлагатай.
2023 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн “Ариг Банк” ХХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Г.Тэмүүжин
Г.Тэмүүжин нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй.
Хадгаламж банк, Төрийн банк, Капитал банк, Бичил Глобус санхүүгийн нэгдэл, Алтайн Хүдэр ХХК зэрэг байгууллагуудад Дотоод хяналтын газрын хянан шалгагч, ахлах хянан шалгагч, Дотоод аудитын газрын Аудитор, Ахлах аудитор зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байсан.
2021 оны 12 сараас эхлэн Ариг банкны ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байна.